
Сирийн Засгийн газар босогчдод бүслэгдээд байсан Ливаны хилийн ойролцоо орших Яброуд хотыг эзлэн авчээ. Засгийн газрын цэргүүд Ливаны Хезболла бүлэглэлтэй хамтран дээрх хотод хяналтаа тогтоож чадсан байна. Яброуд хот алан хядагчдын бай болж, хэд хэдэн удаа тэсрэх бөмбөг дэлбэрсэн тохиолдол гарч байсан юм. Нөгөө талаар Сири, Ливаны хил дагуух замыг хааж, хүнс, барааны хангамжийг тасалдуулж байсан тул Башар Ассадын Засгийн газар өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Ливантай хил залгаа орших бүс нутгийг босогчдын талаас чөлөөлөх ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Үүний үр дүнд Яброуд сууринг эзэлж, гол гудамжуудад цэргүүд нэвтэрчээ. Ингэснээр тус хот дахь эмх замбараагүй байдал хараахан намжаагүй байгаа бөгөөд зарим газруудад босогчид тэмцсэн хэвээр байна. Босогчдын хяналтанд байсан энэ газар тулаан тасралтгүй үргэлжилсэний улмаас 40 мянган хүн дүрвэсний дийлэнх нь Ливаны иргэд ажээ.