
Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт Сирийн иргэний дайны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ дайнд 140 мянган хүн амь үрэгдэж, Сирийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь ойр дотны хэн нэгнээ алдахад хүргэсэн байна. Түүнчлэн иргэний дайн 5,5 сая хүүхдийн амьдралд нөлөөлсөн гэдэг судалгааг Юнисеф байгууллага гаргажээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу иргэний дайн эхлэхээс өмнө Сири хүүхдүүдэд дэлхийн соёлтой танилцах боломж нээлттэй байсан юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүдийн 97 хувь нь сургуульд хамрагдаж, бичиг үсэг тайлагдалтаараа бүс нутгийнхаа дунджаас дээгүүрт орж байсан гэдэг. Гэвч ердөө хоёрхон жилийн дотор Сири хүүхдүүдийн 30 хувь сургуулиас завсарджээ. Сирийн 10 хүүхэд тутмын нэг нь боловсрол, мэдлэг олж авах насандаа хүнд хүчир ажил хийж, гудамжинд гуйлга гуйхаас өөр аргагүй байдалд орсон байна.