
Йемен бол гэрлэлтийн насыг хуульчилж өгөөгүй хоёрхон улсын нэг юм. Энэ улсад 9 настай балчир охин хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэх нь хэвийн үзэгдэл болсон тул хуулиар гэрлэлтийн насыг зохицуулж өгөх шаардлага тулгарч байна. Охидод татгалзах эрх байхгүй учир сурч боловсрох насандаа хүнтэй гэрлэж, нэг насаараа сэтгэлийн толботой амьдардаг ажээ. Хүчээр гэрлэсэн Йемен охидын дунд явуулсан судалгаагаар хүүхдүүд нэг насаараа эцэг эхээ үзэн ядаж, гэр бүлээсээ хөндийрдөг болохыг тогтоожээ. Үүнээс гадна бие махбодь нь боловсорч гүйцээгүй байхад хүүхэд төрүүлсэн охид өөрсдөө эндэх магадлал өндөртэй болохыг эмч нар шүүмжилж байна. Тодруулбал, насанд хүрээгүй байхдаа хүүхэд төрүүлсэн 90 эмэгтэй тутмын нэг нь амиа алддаг болохыг судалгаагаар нотолжээ. Тиймээс эрт гэрлэх уламжлалыг халж байж охидын амь насыг аврах боломжтой юм. НҮБ-аас Йемен охидын гуравны нэг нь 18 нас хүрээгүй байхдаа хүнтэй гэрлэдэг хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл дэлхий даяар жил бүр 14 сая насанд хүрээгүй эмэгтэй гэрлэлтээ батлуулдаг байна.