
Сицилийн эргээр дамжин Итали руу хууль бусаар цагаачлах гэж байсан Хойд Африк тивийн иргэд даац хэтрүүлсэн завинд суусан тул живэх аюулд ороод байжээ. Италийн тусгай албаныхан сүүлийн 48 цагийн дотор усанд живсэн 2000 гаруй цагаачийн амь насыг аварчээ. Жил бүр Сомали, Эритрей улсуудаас хэдэн мянган цагаачид Итали, Испаниар дамжин Европ руу цагаачилдаг байна. Сүүлийн үед иргэний дайны гал асч буй Сири улсаас ирэх цагаачид нэмэгдэх болжээ. Европын хил хамгаалагчид 2013 онд Итали руу хил нэвтрэхээр завдсан 20 мянган хүнийг бүртгэн авчээ. Энэ нь Европын нийт хууль бус цагаачдын тал хувийг эзэлж байна. Эдгээр цагаачид хамгийн аюултай замыг сонгож, амь насаа дэнчинд тавьсаар байгаа юм. Өнгөрсөн оны 10-р сард Италийн хилийн ойролцоо 400 гаруй цагаачийн завь хөмөрч амиа алдсан хэрэг гарчээ.