
Манайхан аливаа юмыг даган дууриах, хуулбарлахдаа “мэргэшисэн” улс. Саяхан Хэнтий аймгийн удирдлагууд Өндөрхаан хот гэх нэрээ Чингис хот хэмээн өөрчилж байсан. Энэ үйл явдал л өнөөдөр ийм жишиг тогтоов бололтой. Уг нь хуулийн дагуу бол аймаг, сумдын нэрийг өөрчлөх, засварлах бүрэн эрх нь ганцхан УИХ –д бий. Гэтэл нөхдүүд дур мэдээд ийм шийдвэр гаргачихсан. Тэгээд үүнийгээ манай урд хөршид Чингис гэх хот байгуулах гэж байсныг бид мэдээд түргэн шуурхай арга хэмжээ авлаа гэсэн маягтай юм ярьж суусан. Ингээд “нэр солих” албан бус уралдаан эхлүүлж орхисон доо тэд. Одоо энэ “дэггүйтэл” нь Баянхонгорт очиж наалдав бололтой. Дараагаар нь хаашаа яаж халдахыг хэн ч мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн манайхан аливаа юмыг даган дуурайж, туйлшруулахдаа туйлын гарамгай улс шүү дээ. Аймгийн төвүүдийнхээ нэрийг солиод дараа нь сумын төвүүдийнхээ нэрийг сольж эхэлнэ байх. Жишээлбэл тухайн сумаас төрөн гарсан алдартан Дондог эсвэл Батын нэрээр, тухайн суманд орших ямар нэг чулууны нэрээр, бүр цаашилбал сумандаа хамгийн их ургадаг ургамлын нэрээр ч нэрлэж магадгүй. Хэрвээ ийм үйл явдал өрнөвөл Тайхар чулуу аймгийн Өсөхбаяр сум, Шилийн богд аймгийн Тогос Чүлтэм болон Ганган Төгс сум, Хутагтууд аймгийн Вансэмбэрүү сум гэх мэтээр өөрчилж болно. Ер нь цаашлаад юу ч гэж болно. Ямар нэгэн нэн ховор ургамал, тоо толгой нь үрэгдэж буй улаан номонд орсон амьтанаар ч нэрлэсэн болох шүү дээ. Нэг хэсэг идсэн, уусан гээд юугаар ч хамаагүй Гиннесийн номонд орох хүсэлтэй хүмүүс Монголоор нэг дүүрсэн. Есөн зуун ерөн есөн морин хуурч хүүхдүүд, мөн тооны бие биелээчид, хэдэн түмэн адууны уралдаан гэх мэтээр хөөрхий хүүхдүүдийг чамгүй л зовоосон. Тэгвэл өнөө жил нэр солих гэсэн “халварт өвчин” дэлгэрэх нь байна. Энэ өвчний вирус Сүхбаатарын талбайгаас анхлан дэгдсэн.
Одоо арай өөр өнцөгөөс нь харах гэж хичээе. Уг үйл явцыг дагаад хэдэн мянган иргэний үнэмлэх дээрх оршин суугаа хаяг, төрсөн газар, ус өөрчлөгдөх учиртай. Бүр цаашлаад тэдгээр иргэдийн тухай мэдээллийг ч гэсэн улсын төв архивийн газар засч янзлах нөр их ажил өрнөнө. Үүнд дахиад л хэдэн тэрбум төгрөг төсөвлөж, олон хүний хүч хөдөлмөр зарцуулна. Зээлээс зээлийн хооронд амьдарч буй эдийн засгаа энэ мэтийг тэсч үлдэх болов уу. Үнэхээр л тэгж аймгуудын нэрийг өөрчлөх гэж буй бол ядаж эмх цэгцтэй дэс дараатай хандах нь зүйтэй болов уу. Түүнээс биш “Чингистэнгүүд” шиг хамаа замбараагүй, хууль бус зүйлийг хийхгүй байх нь чухал юмсан.
Сэтгэгдэл (96)