
Тайванийн цагдаа нар Хятадтай худалдааны гэрээ хийхийг эсэргүүцэж, Засгийн газрын ордныг эзэлсэн хэдэн зуун оюутнуудтай мөргөлджээ. Цагдаа нар оюутнууд руу усан буу шүршиж, ордныг чөлөөлөх ажиллагаа явуулсан байна. Оюутнууд Тайпей хотын төв талбайд байрлах ордны төмөр хаалгыг автомашинаар эвдэлсэн юм. Эсэргүүцэгчид Хятадтай худалдааны гэрээ байгуулж, хамтарч ажиллах нь Тайванийн тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй гэж үзэж байна. Тиймээс гэрээг сайтар нягталж үзэхийг шаардсаар байгаа юм. Тэд өнгөрсөн долоо хоногт парламентын ордныг бүслэн авсан ажээ. 1949 оны Хятадын иргэний дайны дараагаар Тайвань салан тусгаарласан ч Хятадууд өөрсдийн газар нутгийн бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Тайванийн худалдааны гол түнш Хятад улс хэдий ч сүүлийн жилүүдэд харилцаагаа гүнзгийрүүлж ирсэн нь ийнхүү эсэргүүцэхэд нөлөөлсөн бололтой. Энэ оны эхээр хоёр улс анх удаагаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан билээ.
Сэтгэгдэл (1)