
АНУ-ын тагнуулын төв албаны ажилтан асан Эдуард Сноудены илрүүлсэн нууц материалд Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг тагнаж байсан тухай дурдсан болохыг “Нью-Йорк Таймс” сонин онцолжээ. Тагнуулчид тус компанийн Иран, Афганистан, Пакистан, Кени, Куб улс дахь хэрэглэгчдийн харилцаа холбооны мэдээллийг хянаж, сүлжээнд нь нэвтрэн орсон хэмээн Сноуден мэдэгджээ. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч энэ талаар тайлбар хийхээс татгалзсан байна. “Huawei” компанийн гүйцэтгэх захирал Уилльям Пламмер мэдээллийг нь хууль бусаар ашигласанд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. АНУ-ын эрх баригчид Хятадын тагнуулчид удаа дараа цахим халдлага үйлдэж , нууц мэдээллийг хулгайлахыг завдсан хэмээн буруутгасаар ирсэн юм.