
Тайландын шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн парламентын сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэр гаргажээ. Засгийн газрын эсрэг өрнөсөн үймээний улмаас парламентын сонгууль орон даяар зэрэг явагдаж чадаагүй тул үр дүнг нь хүчингүйд тооцохоор болсон байна. Тайландын парламентын ээлжит бус сонгуулийн үеэр босогчид зарим санал авах байруудыг хааж, санал хураалтанд саад учруулсан юм. Ерөнхий сайд Инглак Шинаватраг огцруулахыг шаардсан тэмцэл туйлдаа хүрч, парламентаа огцруулан ээлжит бус сонгуулийн товыг зарласан билээ. Шинаватра хууль ёсны дагуу шинэ Засгийн газар томилогдох хүртэл огцрохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Гэвч сонгуулийг нэгэнт хүчингүйд тооцсон болохоор санал хураалтын товыг дахин зарлахаас өөр аргагүй болжээ.