
Өчигдөр Испанийн нийслэл Мадрид хотод эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн тэмцэл хүчирхийлэл болон хувирсаны улмаас 101 иргэн шархдаж 24 хүнийг баривчлаад байна. Шархадсан хүмүүсийн 67 нь цагдаагийн ажилтан үлдсэн 34 нь тэмцэгчид байжээ. Эдгээр хүмүүсийн 11 нь толгойдоо хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн ажээ. Мөргөлдөөний үеэр жагсагчид өөрийн ухаанаа алдаж, цагдаагийн ажилтнуудын хамгаалалтын малгайг авч шидэн танхайрсныг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хотын гудамжин дахь үйлчилгээний газруудыг эвдлэн сүйтгэж байсан тул баривчлахаас өөр аргагүй байдалд орсон гэнэ. Испанид ажилгүй иргэдийн тоо 5,9 саяд хүрээд байгаа бөгөөд энэ нь ажилгүйдлийн түвшин 26 хувьд хүрээд байгаа гэсэн үг юм. Энэ нөхцөл байдал нь улсын төсвийг алдагдалд оруулж, эмч, багш зэрэг мэргэжилтнүүд гудамжинд жагсаал хийн тэмцэхэд хүргэжээ.