
Өмнөд Африкийн паралимпийн аварга тамирчин Оскар Писториусын шүүх хурал ирэх тавдугаар сарын дундуур хүртэл үргэлжлэхээр болжээ. Претория хотын шүүхээс хурлыг түр хойшлуулж, ирэх дөрөвдүгээр сарын 4-14-ний хооронд эхлүүлэх шийдвэр гаргасан байна. 27 настай тамирчин Писториус найз бүсгүйгээ буудаж хөнөөсөн гэдгээ мэдэгдэж байгаа ч хулгайчтай андуурсан гэж батлахаар оролдож байгаа билээ. Шөнө дундын үед угаалгын өрөөнийхөө хаалгыг нээж дөрвөн удаа буудсан бөгөөд түүний найз бүсгүй Рива Стинкамп толгойдоо авсан шархны улмаас амиа алдсан юм. Гуравдугаар сарын 3-нд эхэлж, дөрвөн долоо хоног үргэлжилсэн шүүх хурлаар 18 гэрчийг оролцуулан тамирчны эсрэг нотлох баримтуудыг гаргаж ирсэн ажээ. Прокурорууд Писториус угаалгын өрөөнийхөө хаалгыг гольфын цохиураар эвдэж орохдоо хиймэл хөл зүүсэн байсан нь хачирхалтай гэж үзэж байгаа юм. Тэгэхээр Писториус хиймэл хөлөө эртнээс зүүж, найз бүсгүйгээ хөнөөхөөр завдсан зэрэг нотолгоонуудыг гаргаж ирсэн байна. Хэрэв шүүхээс түүнийг буруутайг тогтоовол хамгийн багадаа 25 жил хорих ялаар шийтгэх болно. Мөн хууль бус зэвсэг эзэмшсэн хэргээр 15 жилийн ял нэмэх магадлалтай.