
Египетийн шүүх засгийн эрхнээс хөөгдсөн лалын шашинт ерөнхийлөгч Мохаммед Мурсийг дэмжигч 528 хүнийг цаазаар авах ялаар шийтгэсэн байна. Эдгээр хүмүүсийг өнгөрсөн оны наймдугаар сард болсон бослого хөдөлгөөний үеэр цагдаа нарын амийг хөнөөж, энгийн иргэд болон нийтийн өмч рүү халдсан гэж үзжээ. Лалын ахан дүүс байгууллагын 1200 дэмжигч, ахмад гишүүдийг уг шүүх хуралд оролцуулсан байна. 2013 оны долдугаар сард ерөнхийлөгч Мурсийн засаг захиргааг цэргийн хүчээр түлхэн унагасны дараа лалын шашинтнууд удаа дараа халдлага үйлдэж, эмх замбараагүй байдал бий болгож байгаа хэмээн одоогийн эрх баригчид үздэг. Шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг дэмжих эсвэл татгалзах эсэхийг Египетийн шашны дээд эрх мэдлийг гартаа атгадаг “Grand Mufti” урсгалынхан гаргах эрхтэй юм. Тус улсад цаазаар авах ялыг байнга шахуу оноодог ч сүүлийн жилүүдэд ялыг гүйцэтгэсэн тохиолдол цөөрч байгаа аж. Харин лалын ахан дүүс байгууллагын төлөөлөгч Абдулла эл Хадид Египетийн засаг захиргаа ард иргэдийг дарангуйлж байгааг буруутгажээ. Харин АНУ-ын эрх баригчид дээрх шүүгдэгчдэд ямар үндэслэлээр ял оноосныг тодруулах хэрэгтэй гэдгийг сануулсан байна.
