Энэ сарын 22-нд мөрийтэй тоглож байсан гурван хүнийг цагдаагийнхан илрүүлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “DHL” барилгын есөн давхарт байрлах ресторанд иргэн 41 настай эрэгтэй Н, 32 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б нар нь мөрийтэй “покер” тоглож байсан талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Мэдээллийн мөрөөр бид Сүхбаатар дүүргийн “DHL” төвийг зорьж, тус рестораныг хариуцсан албан тушаалтантай холбогдоход "Манайд тийм хэрэг огт болоогүй. Энэ талаар сонсооч үгүй" гэв.Улмаар "DHL" компанийн холбогдох албаны хүнээс энэ талаар тодруулахад " “DHL” бол олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй компани. Тэрнээс биш ресторан ажиллуулдаг газар биш. Манай оффисын есөн давхарт байрладаг ресторан бол түрээсийнх. Тийм болохоор манай компанитай ямар ч хамааралгүй. Манай компаний нэр төрд халдсан хэрэг болж байна” хэмээсэн юм.
Юутай ч мөрийтэй покер тоглосон хэрэгт ямар ял шийтгэл оногдуулдагийг ЦЕГ-аас хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйлд: 243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 243.2.Энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/



















































