
Энэтхэгийн далайн орчимд хүчтэй бороо орж, шуурга шуурч хайгуулын явцад саад болж байгаа тул эрлээ нэг өдрөөр хойшлуулахаар болсон байна. Хэрэв далайн хүчтэй давалгаа татарч, цаг агаар таатай болвол маргааш эрлээ үргэлжлүүлэх ажээ. Хайртай дотны хүмүүсээ хүлээсэн ар гэрийнхэн хоёр долоо хоногийг айдастай өнгөрүүлсэний дараа Малайзын ерөнхий сайд Нажиб Разак онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн гэсэн таагүй мэдээлэл хийсэн юм. Онгоц 7 цаг нисээд Энэтхэгийн далайд сүйрсэн гэсэн Их Британийн хайгуулчдын мэдээлэлд үндэслэн дээрх мэдээллийг хийжээ. Онгоц далайд сүйрээд 17 хонож байгаа тул амьд хүн үлдэх найдвар тасарсан билээ. Ингээд ар гэрийнхнээ хаа нэгтээ амьд байгаа гэж хүлээж байсан хүмүүс сэтгэлийн гүн хямралд оржээ. Онгоцонд суусан 239 зорчигчийн 154 нь Хятад, Тайванийн иргэд байсан юм.