
Нидерландын Гааг хот дахь цөмийн асуудлаарх хуралдаанд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг хамгаалах үүрэг хүлээж байсан гурван ажилтан хариуцлагагүй үйлдлээсээ болж гэртээ харьжээ. Энэ гурван хүний нэг нь хамгаалалтын багийн ахлах байсан гэнэ. Тэдний нэг нь архи ууж, Амстердам хотын зочид буудалд ухаангүй хэвтэж байсан хэмээн “Вашингтон Пост” сонин мэдээлсэн байна. Харин нөгөө хоёр ажилтан нь хяналт тавьж чадаагүй учир хариуцлага алдсан гэж үзсэн бололтой. 2013 онд Обамагийн хоёр бие хамгаалагч бусдад бэлгийн дарамт учруулсан хэрэгт орооцолдсон нь тусгай албаны нэр хүндийг унагасан явдал болсон юм. Өнгөрсөн онд Обама хамгаалалтын албаны даргаар Жулия Персоныг сонгосон. Тэрээр энэ албаны анхны эмэгтэй дарга билээ.
Сэтгэгдэл (1)