
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус улсад хууль бусаар оршин сууж буй 11 сая иргэний хувь заяаг шийдвэрлэх цагаачлалын хуулийн шинэчлэлийн төслийг яаралтай боловсруулахыг Конгрессын гишүүдэд санууллаа. Тэрээр “Цагаачлалын хуулийн шинэчлэл нь манай эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, ирээдүйд эерэг нөлөө үзүүлэхээр боловсруулагдсан байх ёстой” гэж хэлжээ. Өнгөрсөн онд Сенатын хуралдаан дээр Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүдийн аль аль нь цагаачлалын бодлого алдаатай байгааг шүүмжилж, эдийн засгийн өсөлтийг хангаж, төсвийн алдагдлыг бууруулан бизнесийн үр ашигтай зарчимд чиглэх ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Гэвч явцын дунд Бүгд найрамдах намын гишүүд цагаачлалын хуулийн шинэчлэлтийг сонгуультай зэрэгцүүлж батлах ёстой гэж үзсэнээс ийнхүү гацаанд оржээ.