
Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенко ирэх тавдугаар сарын 25-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуульд Батькивщина намаа төлөөлөн нэр дэвшихээ албан ёсоор мэдэгджээ. Хоёр удаа ерөнхий сайдаар ажиллаж, 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан энэ хатагтай Украины нийгэмд тогтвортой байдлыг авчирч чадах хүмүүсийн нэг гэж үнэлэгддэг. Ю.Тимошенко авилгалын хэрэгт холбогдон хоёр жил гаруй шоронд хоригдсоны эцэст өнгөрсөн хоёрдугаар сард ерөнхийлөгч Виктор Януковичыг засгийн эрхнээс түлхэн унагасны дараа суллагдсан юм. Дөнгөж суллагдмагцаа талбайд жагсаж буй ард иргэддээ хандаж мэдэгдэл хийж байсан Тимошенко Оросын түрэмгийллийг хүчтэй эсэргүүцэж байгаа билээ.