
Сирийн иргэний дайныг сурвалжлахаар яваад зургаан сар гаруй барьцаалагдаад байсан Испанийн хоёр сэтгүүлч эх нутагтаа буцжээ. “El Mundo” сонины тусгай сурвалжлагч Хавьер Эспиноса, чөлөөт гэрэл зурагчин Рикардо Гарсия Вилановаг Барууны талын босогчдын дэмжлэгтэйгээр суллаж, Туркийн цэргүүдэд хүлээлгэн өгсөн байна. Ойрхи Дорнодын асуудлыг олон жил сурвалжилсан эдгээр сэтгүүлчдийг Ирак, Левантын Аль-Кайда бүлэглэлийн цэргүүд өнгөрсөн есдүгээр сард Туркийн хилийн орчимд байхад нь хулгайлжээ. Сурвалжлагчид Сирид ердөө хоёрхон долоо хоногийн мэдээлэл бэлтгээд буцах даалгавартай байжээ. Өнгөрсөн оны 12-р сард олон улсын томоохон 13 хэвлэл Сирид барьцаалагдсан сэтгүүлчдийг суллах шаардлага хүргүүлсэн боловч босогчид түрэмгий үйлдлээ зогсоогоогүй юм. Одоогоор гадаадын 17 сэтгүүлч, Сирийн иргэний сэтгүүлч, тоймч 60 хүн барьцаалагдаад байна. 2011 оны гуравдугаар сараас хойш олон сэтгүүлч ор сураггүй алга болжээ.



