
Нигерийн нийслэл Абужа хотын шоронгийн хоригдлууд зугтах гэж оролдсоны улмаас мөргөлдөөн гарч, 21 хүн амиа алджээ. Шоронгоос зугтахыг завдсан нэгэн хоригдлыг хамгаалалтын ажилтан гавлаж, зодсоноор энэ үймээн эхэлсэн байна. Эцэстээ хоригдуудын үймээнийг дарж дийлэхээ больсон тул иргэдийн аюулгүй байдлыг харгалзан үзэж гал нээсэн гэж эрх баригчид мэдэгдэв. Үймээн дэгдээгчид нь лалын шашинт Боко Харам бүлэглэлийн улс төрийн хоригдлууд байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Тэднийг Нигерийн Хойд хэсэгт 2009 оноос хойш үргэлжилж, хэдэн мянган хүний аминд хүрсэн хүчирхийлэлд буруутган хорьсон байна. 2014 оны эхний гурван сард Боко Харам бүлэглэлийн халдлага газар авч, зуу гаруй хүн амь үрэгдсэн юм. НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Нави Пиллай Нигерийн аюулаас хамгаалах байгууллагууд Боко Харам бүлэглэл улам бэхжиж, хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгааг буруутгажээ. Боко Харам нь Нигерийн хойд мужуудыг лалын шашинт улс болгохоор 2009 онд гарч ирсэн бүлэглэл юм.