
Египетийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх тавдугаар сарын 26-27-нд болохоор тов зарлажээ. Нэр дэвшигчдийг ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл бүртгэхээр болсон байна. Мөн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд аль нэг нэр дэвшигч 50-аас дээш хувийн санал авч чадаагүй нөхцөлд хоёрдугаар шатны сонгууль ирэх зургадугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдох гэнэ. Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн удаагийн цэргийн эргэлтийг тэргүүлсэн Батлан хамгаалахын экс сайд Абдель Фаттах аль-Сиси нэр дэвшээд буй юм. Үндсэн хуулиа өөрчлөхийг бүх нийтийн санал асуулгаар дэмжсэн Египетийн ард түмэн шинэ удирдагчаа сонгосноор улс төрийн тогтвортой байдал бий болно гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн онд ерөнхийлөгч Мохаммед Мурсийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш лалын шашинтнуудын террорист халдлага тасраагүй юм.