
Олон улсын донор орнууд ирэх гурван жилд багтаан Пакистаны сургууль завсардсан хүүхдүүдийн боловсролд зориулан нэг тэрбум долларын хандив өгөхөөр болжээ. Энэ тухай Их Британийн ерөнхий сайд асан, НҮБ-ын боловсролын асуудал эрхэлсэн тусгай элч Гордон Браун мэдэгдэв. Нэг тэрбум доллар нь Пакистаны боловсролын салбарт байгаагүй том хөрөнгө оруулалт болох юм. Саяхан Пакистаны Засгийн газар боловсролын салбарын төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Пакистанд одоо бичиг үсэг тайлагдаагүй 55 сая хүн байдаг бөгөөд боловсрол олж авахад хамгийн төвөгтэй орнуудын нэгт тооцогддог юм. Энд хичээл заадаг багш нарыг барьцаалах хөнөөх явдал тасралтгүй гардаг. Мөн бүх нийтийн боловсролын систем хөгжөөгүй тул хүүхдүүд ихэвчлэн шашны сургуульд сурдаг байна.