
Шүүхийн тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдож шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд шүүгч нөлөөллийн мэдээлэлд хөтлөгдөж шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх оролдого хийвэл хариуцлага тооцуулахаар болж байгаа нь урьд өмнө байгаагүй шинэлэг зохицуулалт болсон. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-т зааснаар ШЕЗ нь нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, нөлөөллийн мэдүүлгийн загварыг баталж 2013 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх шатны шүүхүүдэд мөн бүх хэрэг дээр нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх үүргийг өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилтийн талаар шүүгч М.Цэцэгмаагаас тодруулахад “Шүүгчийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг хуульд заасан байгаа юм. Шүүгчийн хараат бус байдалд халдсан үл хүндэтгэсэн хэн боловч хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн шүүхийн эрхзүйн байдлын тухай хуульд Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгчтэй нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр заасан байгаа. Тиймээс бүх шүүхүүд нөлөөллийн мэдүүлгээ хөтлөөд явж байгаа. Энэ ажил хэрэгжээд эхэлчихсэн. Ер нь сүүлийн үед Захиргааны хэргийн шүүх болон шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого зориуд болон гүтгэлгийн чанартайгаар их гарах болсон” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/