
Сири улс дахь иргэний дайны улмаас хөрш Ливанд дүрвэн ирсэн иргэдийн тоо нэг сая хол давсан гэсэн тооцооллыг НҮБ-аас гаргажээ. Ливан нь 4,8 сая хүн амтай бөгөөд иргэдийнх нь 65 хувь үйлчилгээний салбарт ажилладаг Арабын ертөнц дэхь боломжийн эдийн засагтай улс байсан юм. Сүүлийн жилүүдэд тус улс дахь Сирийн дүрвэгсдийн тоо хэт өсч, ажилгүйчүүдийн тоо ихсэхийн зэрэгцээ үндэсний аюулгүй байдалд нь заналхийлэх болжээ. Дотоод зөрчил ихтэй Ливан хэмээх жижиг улс нь ирээдүйд Сирийн дүрвэгсдийн орон болохыг үгүйсгэхгүй хэмээн мэргэжилтнүүд онцолсон байна. 2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн иргэний дайнаас хойш 9,5 сая хүн нутгаасаа дүрвэж, амиа алдсан хүний тоо 150 мянгад хүрсэн юм. Дүрвэгсдийн 600 мянга нь Йордан, 670 мянган нь Турк улсад амьдарч байна.