Өнгөрөгч долоо хоногт цахим ертөнцөөр хамгийн их
дуулиан дагуулсан ярианы сэдэв бол Эрүүл мэндийн яам, глобал сантай хамтарч
хийлгэсэн “соёмботой бэлгэвч” байлаа. Глобал сангийн тусламжтайгаар Монгол Улс
ДОХ-ын эсрэг төслийг хэрэгжүүлээд олон жил болж байгаа. Энэ хүрээнд ДОХ болон
бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлгэвч тарааж ирсэн
уламжлалтай. Харин энэ удаад Шинэчлэлийн Засгийн газрын, Эрүүл мэндийн яам
маань заавал тэр бэлгэвчин дээр төрийн тамга тавих ёстой гэж шийдсэн бололтой.
Олон жилийн турш “Намзасгийн” лоозонгүй явж ирсэн бэлгэвч гэв гэнэт Эрүүл
мэндийн яамны шошготой болоод гарах нь тэр. Ингэж тамгалуулахдаа бүр төрийнхөө
алтан соёмбоор адислуулсан нь олон хүний эгдүүцлийг хүргэх болов. Цахим
ертөнцийн ихэнхи жиргээчид төрийнхөө алтан соёмбыг “бэлэг эрхтэндээ углах”
ухаан гаргасан Н.Удвал сайдад дургүйцлээ илэрхийлж байгаа бол түүнийг элэглэж,
шоглосон янз бүрийн шүлэг дөрвөн мөртүүд ч цахим ертөнцөөр хөвөрч байна. Алдарт
жиргээч танхай эмээ түүнийг “ухаалаг бэлгэвч” гэж хөөргөсөн байна. “Соёмботой
бэлгэвч хэрэглээд гоол алдаж хүүхэдтэй болсон бол Соёмбо гэж нэрийдий” гэсэн
жиргээ ч олон хүнийг дагуулсан байна.
Харин ганц нэг хүн үүнийг тийм ч буруу зүйл биш гэж хүлээж авч байна. АНУ-д төрийнхөө далбайгаар дотоожоо урласан байдгийг ч жишээ авах хүн байлаа.
Цаашлаад уг бэлгэвчийн чанарын асуудал ч багагүй маргаан дагуулсан байна. Түүнийг хэрэглэж үзсэн зарим хүмүүс тосгүй, хуурай бэлгэвч савласан байна гэжээ. Мөн амархан урагддаг чанарын хувьд маш муу болсон гэсэн шүүмжлэлийг ихээр ярих болсон нь бэлгэвч үндсэн үүргээ биелүүлэхэд тэнцэх үү? гэдэг асуудлыг дагуулж байгаа юм. Төрийнхөө соёмбо тэмдгийг ашиглаж байгаа юм бол ядаж чанарын хувьд шаардлага хангахуйц байхад яадаг байнаа гэж халаглах хүмүүс ч байна.
Энэ мэтээр бэлгэвч тойрсон жиргээ өнгөрөгч долоо хоногоос хүмүүсийг багагүй хөгжөөж, бухимдахад хүргэсэн бөгөөд өнөөдөр ч энэ тухай яриа үргэлжилсээр байна.
Монголчууд нэн эртнээс төрт ёсоо дээдлэн сүсэглэж ирсэн уламжлалтай. Ер нь аливаа улс орны үндэстний уламжлал, зан заншил нь улс төрийн ямарваа үзэл, чиг баримтлал, хандлагаас үл хамаарч тухайн ард иргэдийн оюун санаанд нэвт шингэсэн байдаг. Ардчилсан нийгмийг байгуулж байна гээд Америкын гэсэн бүхнийг дуурайх нь оновчтой шийдэл биш. Төрт ёсныхоо бэлэг тэмдгийг архи, тамхи цаашлаад бэлгийн үйл хэрэгт хүртэл хольж хутгах болсонд эгдүүцэж байгаа хүмүүийн хандлага бол төр ёсоо эрхэмлэн дээдэлж ирсэн Монголчуудын оюун санааны тод илэрхийлэл юм. Тиймээс төрийнхөө соёмбо, бэлэг тэмдгийг хэн, хаана ямар журмаар хэрэглэх вэ? түүнийг юун дээр ашиглаж болох болохгүйг зааглаж ялгахгүй бол ардчилал, шинэчлэлийн далбаан дор үндэстнийхээ бэлэг тэмдгийг хөсөрдүүлэх энэ мэт явдал тасрахгүй нь.




















































Сэтгэгдэл (5)