
Украин дахь Орос гаралтай иргэд зүүн хэсэгт орших Донецк, Луханск хотуудын тусгай хамгаалалттай байруудыг эзэлжээ. Луханск хотод жагсагчдыг зогсоох гэсэн цагдаа нар гудамж талбайг бүсэлсэн байна. Өчигдөр босогчид дээрх хоёр хотоос гадна Харьковын төр захиргааны байр руу хүчээр дайран орж, Оросын төрийн далбааг мандуулсан юм. Өнгөрсөн сард Украины Крымийн автономит мужийг Оросод хүчээр нэгтгэсэний дараа дахин эмх замбараагүй байдал үүссэн тул ерөнхийлөгч Александр Турчинов Литви дэхь айлчлалаа цуцалж, жагсагчидтай яаралтай хэлэлцээр хийхээр болжээ. Энэ хооронд зүүн мужуудын төр захиргааны байр Оросын жагсагчдын дайралтанд өртсөөр байна.