Өмнөд Африкийн нэрт тамирчин, паралимпийн аварга Оскар Писториус найз бүсгүй Рива Стинкампыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа билээ. Тэрээр Стинкампыг өнгөрсөн оны Валентины баярын өдөр угаалгын өрөөндөө буудсан юм. Түр завсарлаад өчигдөр эхэлсэн шүүх хурлын үеэр Оскар Писториус найз бүсгүйнхээ ар гэрийнхнээс нулимс дуслуулан уучлалт гуйжээ. Оскар Писториус “Энэ эмгэнэлт явдал гарсанаас хойш надад гэр бүлийнхнийхээ тухай бодоогүй нэг ч хором байгаагүй. Танай гэр бүлд гай зовлон авчирсандаа ямар их харамсаж байгаагаа илэрхийлж чадахгүй байна” хэмээн ярьжээ. Харин Рива Стинкампын ээж түүний хэлсэн үгийг ойшоогоогүй байна. Писториусыг найз бүсгүйгээ санаатай буудсан хэмээн буруутгаж байгаа ч өөрөө хулгайчтай андуурсан хэмээн батлах гэж оролдсоор байна. Хэрэв шүүхээс түүний буруутайг тогтоовол бүх насаар нь хорих ялаар шийтгэх юм. Шүүх хуралд ирэхдээ Писториус аймшигтайгаар хар дарж, унтаж чадахаа больсон тул нойрсуулах эм авч явдгаа ярьсан байна.




