
Ухаалаг гар утас хэрэглэгчдийг зовоодог асуудал бол цэнэг нь хурдан дуусах явдал юм. Зарим гар утас цэнэгээ нэг өдөр ч барьдаггүй учир олон цагаар цэнэглэх шаардлага гардаг. Тэгвэл Израйлийн “StoreDot” компани таны гар утсыг 30 секундын дотор цэнэглэх төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг Тель-Авив их сургуулийн судалгааны бүтээлээс сэдэвлэн зохион бүтээжээ. Эрдэмтэд судалгааны явцад илэрсэн амино хүчил, био химийн бодисоор нано талстыг гаргаж авчээ. Энэхүү нано талст бодисыг гар утасны батерей зэрэг төрөл бүрийн хэрэгсэлд ашиглаж болохыг тогтоосон байна. Тамхины савны хэмжээтэй жижиг хэрэгслийг гар утасныхаа батерей байрлаж буй хэсэгт наалдуулж, цэнэглэдэг аж.