
Иракын парламентын олонхи болох Шиа урсгалынхан эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй гэрлэлтийн тухай шинэ хуулийн төслийг сонгуулийн өмнөхөн боловсруулаад байна. Уг төсөлд зааснаар есөөс дээш насны хүүхдийн гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрч буй гэнэ. Ийм хуулийн төсөл гаргаж ирсэн нь энэ сарын 30-нд болох парламентын сонгуулиар лалын шашны Шиа урсгалынхны дэмжлэгийг хүлээх гэсэн оролдлого гэж ажиглагчид үзэж байна. Одоогийн Иракын хуулиар 18 нас хүрсэн бол эцэг, эхчүүдийн зөвшөөрөлгүйгээр гэрлэхийг хүлээн зөвшөөрдөг аж. Мөн 15 нас хүрсэн охин хүнтэй гэрлэх бол асран хамгаалагчийн зөвшөөрлийг заавал авдаг байна. Иракын ерөнхий сайд асан Айяд Аллави охидыг хэт эрт гэрлүүлэхийг зөвшөөрсөн шинэ хуулийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр гэрлэлт нэрийн дор бага насны охидыг бэлгийн мөлжлөгт өртүүлэх явдал ихэснэ гэж үзэж байна.