
Гурван жил гаруй үргэлжилсэн Сирийн иргэний дайны улмаас 150 мянган хүн амиа алдаж, олон сая хүн орон гэрээсээ дүрвээд байгаа энэ үед ерөнхийлөгч Башар Ассад “Хямрал эргэлтийн цэг дээрээ явж байна” гэж хэлжээ. Башар Ассадын дайчид сүүлийн хэдэн сарын дотор босогчдод эзлэгдсэн Ливаны хилийн ойролцоох хотуудыг буцаан аваад байгаа аж. Мөн Сирийн баруун-өмнөд хэсэг дэхь авто замын сүлжээнүүдийг Засгийн газрын цэргүүд дахин хяналтандаа авчээ. Тийм ч учраас Ассад “Бид терроризмын эсрэг энэ дайнд ялж байна” хэмээн мэдэгдэв. Тэрээр өөрийгөө гурав дахь удаа ерөнхийлөгчөөр сонгогдоно хэмээн найдаж буйгаа олон нийтэд илэрхийлсэн байна. Дээрх мэдэгдлээс үзвэл Ассад Барууныхан болоод Арабынхны гар хөл болсон босогчдод бууж өгөхгүй гэдэг нь тодорхой юм. Харин босогчид Ассадыг түлхэн унагахаас нааш тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Энэ хооронд Сирийн нисэх хүчин Дамаск хотын ойролцоо тэсрэх бөмбөгөөр гэнэтийн дайралт хийсэн талаар хүний эрхийг хамгаалагчид сануулсан байна. Энэ халдлагын улмаас 20 хүн нас баржээ. Өнгөрсөн оны наймдугаар сард Сирийн Засгийн газар химийн зэвсгийн дайралт хийсний улмаас хэдэн зуун хүн амь насаараа хохирсон билээ.