
Шведийн иргэний үнэмлэх хар зах дээр мөнгө олох нэг хэрэгсэл болжээ. Сүүлийн хоёр жилийн байдлаар 177 мянган иргэн хүчинтэй иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлэв. Тус улсын нэг иргэний үнэмлэх 80 мянган крон буюу 12,200 долларын үнэ хүрдэг байна. Хоёр жилийн дотор гурван иргэний үнэмлэхээ алдсан 861 иргэн байгаа ажээ. Шведийн иргэний үнэмлэхийг хүний наймаанд ашиглахын тулд хууль бусаар дамлан худалдаалдаг болохыг цагдаа нар анхааруулж байна. Гэмт хэрэгтнүүд жинхэнэ эзэмшигчидтэй нь адилхан төрхтэй өөр орны хүмүүсийг олж, зардаг гэнэ. Швед улсын иргэний үнэмлэхийг 2012 онд шинэчилж дахин хуулбарлах боломжгүйгээр хэвлэсэн ч иргэд алдсан үнэмлэхний хойноос хяналт тавих нь сул гэнэ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэний үнэмлэхэд хурууны хээний нууцлалыг ашиглах талаар яригдах болжээ. Тус улсын хууль ёсны иргэд иргэний үнэмлэхээ 350 крон буюу 54 доллараар авдаг байна. Харин үнэмлэхээ олон удаа гээгдүүлсэн бол мөрдөн шалгах хэрэг гардаг тул төвөгтэй болдог ажээ.