НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан дээр АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэр “Украины зүүн хотуудын төр захиргааны байрыг Оросын иргэд бүсэллээ. Крымийг эзэлсэн аргаараа зүүн мужуудыг өөртөө нэгтгэхээр санаархаж байна” хэмээн мэдэгджээ. Харин ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин “Цус урсгасан тэмцлийг аажмаар зогсоох ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрээр мөн зүүн мужуудад тэмцэл өрнүүлж буй Оросын иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоож, харилцан ярилцахыг Украинчуудад сануулав. Оросууд хилийн орчимд 25 мянган цэрэг байрлуулж, хямралыг өөрсдийн талд ашигтайгаар эргүүлж байгаа гэсэн шүүмжлэлийг байнга үгүйсгэсээр ирсэн юм. Крым дэхь Оросын түрэмгийлэл эхэлсэнээс хойшхи НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан ийнхүү ширүүн болжээ. Өчигдөр Украины зүүн хотод дэгдсэн зэвсэгт тулааны уршгаар Украины нэг офицер алагдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.



