
Африк тивийн хамгийн том нууруудын нэгэн болох цэнгэг уст Чад нуур Алжир, Камерун, Чад, Нигери зэрэг дөрвөн улсын 40 сая иргэнийг ундны усаар хангадаг байсан билээ. Одоо энэ нуур ширгэж эхэлжээ. Энэ нуурын эрэг дээр амьдардаг загасчдын амьдрал хүндэрсээр байгаа аж. Чад нуур ширгэж байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж эрдэмтэд үзэж байна. Үүнээс гадна Чад нууранд ирж цутгадаг байсан голуудын усыг далангаар боож, Усан Цахилгаан Станцуудыг байгуулсан явдал экологийн сүйрэл болоход нөлөөлсөн байж болох гэнэ. Одоо нуурын ус ширгэж, цөлжих үзэгдэл болж байгаа учраас эндхийн хүмүүс малаа бэлчээрлүүлэхийн тулд өөр улсын нутагт орох болжээ. Чад нуурын ус ширгэж байгаа явдал цэвэр усны төлөө овог аймгуудын хооронд зөрчил тэмцэл гарахад хүргэж байгаа юм. Сүүлийн үед энэ нутгийн газар тариалан эрхэлдэг суурин овог аймгууд болон мал аж ахуйгаар амьдардаг нүүдэлчин овгийн хүмүүсийн дунд зэвсэгт мөргөлдөөн олон гарах болсон байна.