
Афганистан улсад эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг улам бүр нэмэгдэж байгаа ажээ. Тус улсын хүний эрхийг хамгаалах хорооны мэдээлснээр бол ийм төрлийн гэмт хэрэг 22 хувиар нэмэгджээ. 2009 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хууль гарсан боловч энэ асуудал хурц хэвээр байна. Тус улсад эхнэрээ зодон хөнөөсөн харгис эрд долоон жилийн хорих ял оноосонд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа аж. Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө мансууруулах бодист донтсон эр эхнэрийнхээ нүүрийг хутгаар сийчсэн аймшигт хэрэг гарсан юм. Эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг цагдаагийн салбарууд олширсон боловч Афганы нийгэмд энэ төрлийн гэмт хэргийг үл тоомсорлодог ёс заншил хүчтэй байгаа гэнэ.