Өмнөд Солонгосын Инчионоос Чежү арлыг зорьж явсан 460 гаруй зорчигчтой усан онгоц осолдсон. Албан ёсны мэдээгээр 179 зорчигчийг аварсан бол үлдсэн 290 зорчигчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Алга болсон зорчигчдыг эсэн мэнд олдоно гэсэн эрлийн багийнхны найдлага тасраагүй байна. “Далайн занган дотроос амьд үлдэх магадлал тун бага учраас би айж байна” хэмээн аврагч Чо Ян Бок хэвлэлд ярив. Харин Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чун Хон Вон “Амьд үлдсэн хүмүүсийг олохын тулд ганц, хоёр секундыг ч алдаж болохгүй. Аль болох олон хүний амийг аврах хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Жиндогийн боомтод усан онгоцны зорчигчдын ар гэрийнхэн цугларч, уур бухимдлаа илэрхийлж байгаа бөгөөд ерөнхий сайд руу ус шидсэн гэнэ. Аврах ажиллагаанд эргийн хамгаалалтын ажилтнууд хөлөг онгоц, нисдэг тэргээр оролцож байгаа ч далайн ус шавар ихтэй байгаа учир үзэгдэх орчин тааруу болжээ. Зорчигчдыг занганд орсон гэж үзэж байгаа тул шумбагчдыг илгээгээд байгаа ч одоогоор нэг ч хүнийг олоогүй байна.





























