
Өмнөд Америкийн Аргентин улсад нэгэн жигшүүрт хэрэг гарчээ. Тус улсын цагдаа нар есөн жилийн турш гараашинд амьдарч байсан 15 настай охиныг аварчээ. Нийслэл Буэнос Аэрес хотын гараашнаас олдсон энэ охиныг гэмт этгээдүүд хулгайлан хүчээр ажил хийлгүүлж, зодож нүддэг байсан аж. Охиныг зөвхөн ус, талхаар хооллож байсан учир 20 кг болтлоо турсан байна. Түүнийг гараашинд нохой, сармагчин хоёртой үлдээгээд гаднаас нь цоожилдог байсан бөгөөд амьтдын хоолыг идэх гэж дайрсаных нь төлөө бүсээр ороолгож зоддог байсан гэнэ. Тэрээр есөн жил гараашинд хоригдохдоо хоёрхон удаа гадагш гарсан юм. Охины төрсөн эгч уйгагүй эрэн хайсны эцэст ийнхүү олж чадсан ажээ. Харин долоон хүүхэдтэй эцэг, эх нь хангалттай мөнгөгүй байсан учир охиноо хайж чадаагүй хэмээн тайлбарлаж байна. Одоо түүнийг эрчимт эмчилгээнд хамруулан, гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцохоор болжээ.