Өмнөд Солонгосын Инчионоос Чежү арлыг зорьж явсан 460 гаруй зорчигчтой усан онгоц осолдсон. Албан ёсны мэдээгээр 179 зорчигчийг аварсан бол үлдсэн 290 зорчигчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Зорчигчдын 70 хувь нь Ансан ахлах сургуулийн сурагчид байсан билээ. Албаныхан уснаас гаргаж амийг нь аварсан зорчигчдын нэрсийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтад хүүхдүүдийнх нь нэрс байхгүй байгааг мэдсэн эцэг, эхчүүд Ансан ахлах сургуулийн гадна цугларан дуудлага ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Хүүхэдтэйгээ утсаар ярьсан нэгэн эмэгтэй “Чи зүгээр үү?” хэмээн уйлж байлаа. Аврагдсан хүүхдүүд өөрсдийнх нь утас эвдэрсэн ч гэсэн бусад хүмүүсийн утсыг зээлэн авч, ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж байгаа ажээ. Шавартай, хүйтэн далайн усанд үзэгдэх орчин тааруу байгаа учир үлдсэн зорчигчдыг олох нь хүнд сорилт болжээ.

















