
Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат иргэн Ч, Н нар их хэмжээний үнэт чулуу гаргах гэж байсныг Хил хамгаалах Ерөнхий газрын тагнуулынхан илрүүлжээ. Дээрх иргэд хууль бусаар их хэмжээний чулуу хилээр гаргаж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн тагнуулынхан дөрөвдүгээр сарын 14-ний өдөр "УАЗ-452" маркын 15- 12 ӨМА улсын дугаартай саарал өнгийн пургон машинтай хилээр гарах үед гаалийн байцаагч нартай хамтран нарийвчилсан шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар тус автомашинаас 200 килограмм чулууг хоёр талын хана, тааз, ар талын сандал, жолоочийн талын хаалганд нуусан байсныг илрүүлэн гаалийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.
Мөн энэ сарын 7-нд тус боомтоор БНХАУ-руу нэвтэрч байсан “MITSUBISHI SPACE- GEAR” маркийн автомашины шатахууны банкинд 128 килограмм байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад олж илрүүлсэн юм.
Д.Ундрах /24tsag.mn/