
Өчигдөр Женев хотноо эхэлсэн Украины асуудлаарх дөрвөн талт хэлэлцээрийн үр дүнд хямралыг даамжруулахгүй байх баримт бичгийг үзэглэхээр болсон тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. АНУ, ОХУ, Европын холбоо, Украины эрх баригчдын оролцсон хэлэлцээрээр хямралыг гүнзгийрүүлэхгүй байхын тулд талууд хүчирхийлэл, сүрдүүлэг, түрэмгийллээс татгалзаж, ард иргэдийг хамгаалах алхмуудыг хийж эхлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн зэвсэгт цэргүүдийн зэвсгийг хураах, хууль бусаар эзэлсэн төр захиргааны байруудыг эзэмшигчдэд нь буцаан олгох, босогчдод эзлэгдсэн хотын гудамж, талбай, олон нийтийн газруудыг чөлөөлөх болсоныг уг мэдэгдэлд дурджээ. Мөн бослого хөдөлгөөнд оролцож баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэхийг хэлэлцээрээр хүлээн зөвшөөрсөн байна. Украины эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг тогтвортой болгохыг талууд харилцан дэмжээд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Крым дэхь Оросын түрэмгийллийн эсрэг хориг арга хэмжээгээ цуцлах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Харин ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хямралыг шийдвэрлэхэд Орос гэлтгүй, Украинчууд ч нөлөөтэй учир цэргээ илгээхгүй байхыг эрмэлзэх шаардлагатай хэмээн ярьжээ.