
Хятадын шүүхээс ил тод байдлын төлөөх компанит ажлыг өрнүүлж байсан “Шинэ иргэд” хөдөлгөөний дөрвөн идэвхтэнийг баривчлан хорих шийдвэр гаргажээ. Хүний эрхийн өмгөөлөгч Дин Жиашиг 3,5 жил, ахмад зүтгэлтэн Жон Чаншинд 2,5 жилийн хорих ял өгсөн байна. Харин бусад зүтгэлтнүүдийг хоёр жилээр хорихоор болжээ. “Шинэ иргэд” хөдөлгөөнийхөн хөрөнгө орлогоо нууцалж буй дээд албан тушаалтнуудын мэдээллийг интернэтэд байрлуулсан юм. Тэднийг олон нийтийн тайван байдлыг алдагдуулах мэдээлэл цуглуулсан гэдэг үндэслэлээр буруутгасан байна. Харин нийгмийн зүтгэлтнүүд өөрсдөд нь ял оноох ямар ч хуулийн үндэслэл байхгүй учир үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ мэдэгдэв. Хятадын коммунист нам авилгалын эсрэг компанит ажил өрнүүлж буйгаа байнга сурталчилдаг ч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийг хавчсаар ирсэн юм. Хүний эрхийг хамгаалагчид авилгалыг устгах ажиллагаа төрийн дээд албан тушаалтнуудыг хамарч байгаа ч гэсэн иргэний нийгмийн эсрэг чиглэгдэж буйг шүүмжилж байна.