Хүүхдийн мөнгө олгох ажлыг иргэдэд чирэгдэлгүй байлгах үүднээс 2013 оны байдлаар 960 мянга 287 хүүхдийн мөнгийг дансанд байрлуулах болсон. Гэтэл оны сүүлийн сар буюу 12 дугаар сард төрсөн 2100 хүүхэд хүсэлтээ гаргасан боловч энэ сарын мөнгөө авч чадаагүй байна. Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, банкинд өргөдөл хүсэлтээ гаргаж байгаа ч мэдээлэл нь нийгмийн халамжийн байгууллагад ирэх, халамжийн байгууллагаас Төрийн сан, Монгол банкинд хүргүүлэх, арилжааны банкуудад мөнгийг шилжүүлэхэд шаардагдах хугацаанаас хамаарч тухайн тухайн ондоо багтаж хүүхдийн мөнгөө авч чаддаггүй ажээ. Иймд энэ асуудлыг зохицуулахаар “Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох тухай журам”-д өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгө нь дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгохоор боллоо.