Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох чиглэлээр шинэ хууль, дүрэм, журмууд батлагдаж байгаа боловч, эрдэс баялгийн салбарын түүчээ болсон геологи хайгуулын салбарт гадаад, дотоодын шинэ хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй байна. Түүнчлэн хайгуулын ажилд оролцдог өрмийн геофизикийн зэрэг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох ажлыг эхлүүлэхээс гадна уул уурхайн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, тус салбарын урт хугацааны хөгжлийн үндсийг бэхжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Уул уурхайн яамнаас боловсруулжээ. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 2006 оны суурь хуулийн үндсэн зарчим болон хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрхийг хөндөхгүй байх гэсэн зарчмуудыг баримталсан байна.