Венесуэлийн нийслэл Каракас хотын Чачао дүүрэгт ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн бослого хөдөлгөөн дахин дэгдэж, цагдаа нар болон тэмцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болов. Нүүрэндээ баг зүүсэн тэмцэгчид ерөнхийлөгчийг дууриалган хийсэн мануухайг шатаасны хариуд цагдаа нар нулимс асгаруулах хий, усан буу цацжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард эхэлсэн үймээний улмаас 40 гаруй хүн амь насаа алдаж, хэдэн зуун хүнийг баривчлаад байгаа юм. Венесуэлд инфляци дээд цэгт хүрч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг эсэргүүцэж, оюутнууд жагсаж эхэлсэн билээ. Энэхүү бослого хөдөлгөөн улам өргөжиж, Николас Мадурог огцортол тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байна. Үүнтэй зэрэгцэн ерөнхийлөгчийг дэмжигчид жагссан хэвээр байгаа ажээ.







