Өнгөрөгч баасан гарагийн орой Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Замын Цагдаагийн газрын зүүн талд байрлах "S-OUTLETS" дэлгүүрийн хашаанд хураасан төмрийг нөгөө тал руу нь зөөж байгаад кран унасан хэрэг гарсан. Улмаар кран хашаагаа даван Нарны зам руу эргэдэг туслах замыг тэгнэн унасан билээ.
Юутай ч хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тухайн үед краныг тус компанийн манаач ажлуулсан байдаг. Тиймээс түүнд эрүүгийн хуулийн 183,1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл ангид “Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг" гэв.

Харин НОБГ-ын албаны эх сурвалжаас уг хэргийн талаар тодруулахад "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Замын цагдаагийн зүүн талд өргөгч цамхаг унасан байна гэсэн мэдээллийг 18:02 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГХТББХАМ, ахлах байцаагч, цагдаагийн хэлтсээс 4 албан хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2 байцаагч, Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газрын 1 мэргэжилтэн нар очиж шалгахад 40 тонны өргөгч цамхаг автозамын зорчих хэсэг дээр унасан байсныг чөлөөлөлх арга хэмжээ авч ажилласан. Улмаар шөнийн 01:15 цагт Аврах ангийн аврах салбарын ээлжийн бүлэг очиж өргөгч цамхагийн сумны хэсгийг тасдагч багажаар тасдаснаар 03:15 цагт бүрэн чөлөөлсөн" гэв.


Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)