
Он гарсаар Эрүүгийн цагдаагийн газрынхан цахим гэмт хэргийн шинжтэй 26 үйлдлийг бүртгэн авч тухайн эзэн холбогдогчийг нь олж тогтоожээ. Эдгээр хэргийн ихэнх нь сошиал орчинг ашиглан иргэдийг хохироосон үйлдэл байжээ. Эзэн холбогдогч буюу хохирогч тал нь ихэвчлэн гадны улс оронд байсан иргэд байсан гэдгийг албаныхан хэлж буй юм. Мөн эдгээрийн 14 нь интернетээр сексийн холбоотой харилцаж байгаад зургийг нь дарж, видео бичлэг хийчихээд бусдаас мөнгө өгөхийг шаардсан хэрэг байжээ. Тодруулбал, 500-5000 хүртэлх долларыг өгөхгүй бол энэ мэдээллийг чинь хамаатан садан, найз нөхөд рүү чинь явуулна гэж айлган сүрдүүлдэг байсан байна. Харин үлдсэн тохиолдлууд нь “Таны нэр дээр бэлэг ирсэн байна, таныг ийм юманд зуучлахаар болсон тул та ийм хэмжээний мөнгийг дансанд хийнэ үү” гэж залилсан хэргүүд байжээ. Тиймээс иргэдийг цахим гэмт хэргийг золиос болохгүй байхад өөрсдийнхөө үйлдэлд анхааралтай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/