Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг шар өнгийн өмсгөлтэй байдгийг хүн бүр мэднэ. Өдгөө 57 настай өмгөөлөгч Нельсон Павиотти үндэсний шигшээ багийнхаа өмсгөлийг бэлгэдэн сүүлийн 20 жил шар, ногоон, цэнхэр цагаанаас өөр өнгийн хувцас өмсөөгүй ажээ. Тэрээр ажилдаа явахдаа шар өнгийн өмд, хүрэм, ногоон цамц, цэнхэр малгай өмсөж хэвшсэн байна. Зөвхөн хувцас ч гэлтгүй ажлынхаа өрөөний ханыг шар өнгөөр будаж, цэнхэр ширээтэй болжээ. Өрөөний цаг, сандал, утас, чанга яригчийн өнгө нь Бразилийн бөмбөгийнхтэй адил юм. Түүгээр ч барахгүй хоол хүнсэндээ гадил жимс, буурцаг зэрэг шар, ногоон хүнс хэрэглэхийг илүүд үздэг байна. Нельсоны өдрийн хоолны 90 хувь нь ийм төрлийн хүнс байдаг ажээ. Хөлбөмбөгийн улаан хорхойтон маань энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багаа ялна гэдэгт итгэлтэй байна.


