
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор Япон, Өмнөд Солонгос, Малайз, Филиппинд айлчилж байна. Энэхүү айлчлалаар эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байгаа хэмээн Цагаан ордноос мэдэгдсэн ч бүс нутгийн маргаантай асуудалд Хятадууд эрх мэдэлтэй оролцож байгаа талаар голчлон ярилцах бололтой. Америкчуудын бүс нутаг дахь өрсөлдөх чадвар буурч байгаа тул Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа сайжруулахыг зорьж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ. Энэ удаа дэлхийн хоёрдугаар дайнаас болоод хоорондоо зөрчилддөг Япон, Солонгост зэрэг айлчилж буйгаараа онцлог болж байна. Түүнийг Хойд Солонгосын цөмийн асуудлаар хэлэлцэнэ гэж шинжээчид таамагласан ажээ.