
Малайзын иргэний агаарын тээврийн 239 зорчигчтой онгоц сураггүй алга болсоноос хойш зургаан долоо хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад ерөнхий сайд Нажиб Разак зорчигчдыг нас барсан гэж дүгнэх болоогүй гэж мэдэгджээ. Тэрээр баттай нотолгоо олохоос нааш зорчигчдыг нас барсан гэж дүгнэхгүй гэж ярьсан байна. Малайзын Засгийн газрын түшмэдүүд зорчигчдын ар гэрийнхэнд нас барсан гэрчилгээ өгөх асуудал сөхөгдөөд байгаа ажээ. Нэгэнт зорчигчийг нас барсан гэж дүгнэх болоогүй тул Монтреалын конвенцын дагуу ар гэрийнхэн нь нөхөн олговрыг бүтнээр нь авах хуулийн хугацаа болоогүй байгаа гэнэ. Өнгөрсөн сард Нажиб Раказ онгоц Энэтхэгийн далайд сүйрсэнийг зарласан ч өнөөг хүртэл ямар нэгэн ул мөр олдоогүй байна. Зорчигчдын ар гэрийн нэгэн хүн “Онгоц газарт, далайд ч олдохгүй байна. Тэгэхээр зорчигчид амьд байгаа нь гарцаагүй” гэж хэлжээ. Ар гэрийнхэнд нь зорчигчид амьд гэсэн найдлага байсаар байгаа тул онгоцыг олоогүй байж нас барсаны гэрчилгээ олгох асуудал ярьлаа хэмээн буруутгасан байна.