
Саудын Арабад 2012 оноос эхлэн тархсан Мерс хэмээх коронавирусын халдвараар 102 хүн нас баржээ. Өчигдөр буюу Ням гаригт найман хүн нас барсан талаар тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Мерс вирусын халдвар авсан хүнд халуурах, уушгины хатгаагаар өвдөх, бөөрний үйл ажиллагаа сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Вирусын халдварын тархалт нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад нь туслана гэдгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага амлажээ. Саудын Арабад сүүлийн 24 цагийн дотор халдвар авсан 16 тохиолдол шинээр бүртгэгдэж, 146 хүнд эрчимт эмчилгээ хийж байна. Саудын Арабаас үүсэлтэй вирус Египетэд тархсан тохиолдол ч бүртгэгдээд байгаа ажээ.