АНУ-ын сагсан бөмбөгчид “Los Angeles Clippers” багийн эзэмшигч Доналд Стерлингийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдэгдэлтэй холбоотойгоор дуугүй байж, эсэргүүцлээ илэрхийлэв. Сагсан бөмбөгчид тэмцээнийхээ өмнөхөн багийн логогүй футболкоор жигдэрсэн байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбоо TMZ сайтад нийтлэгдсэн 80 настай Доналд Стерлингийн 10 минутын дуу бичлэгийг шалгаж байгаа ажээ. 10 минутын аудио бичлэгт Доналд “Clippers” багийн тоглолтонд оролцсон хар арьст найзтайгаа зургаа авахуулсан нэгэн эмэгтэйг шүүмжилж байгаа нь сонсогдоно. “Хар арьст хүмүүстэй хамт олон нийтийн хэрэгслээр гарч байгаа чинь надад маш их түвэг учруулж байна. Чи заавал ингэх ёстой гэж үү?. Тэднийг миний тоглолтон дээр битгий авчирч бай” хэмээн Дональд ярьсан байна. Түүний энэ мэдэгдлийг Зүүн өмнөд Азийн орнуудад айлчилж буй ерөнхийлөгч Барак Обама хар арьстнуудыг доромжиллоо хэмээн буруушаажээ. Харин Доналд “Би TMZ сайтад байршсан дуу бичлэгийг сонссон. Энэ бичлэг жинхэнэ эсвэл эвлүүлэг гэдгийг тогтоосны дараа шүүмжлэх хэрэгтэй. Бичлэг дээр ярьж байгаа эмэгтэйг би танихгүй. Тиймээс хуурамч бичлэг хийсэн сайттай зарга үүсгэнэ” гэжээ. Доналд Стерлинг ийнхүү хар арьстнуудыг доромжлоогүй хэмээн өөрийгөө зөвтгөж байна.

