
Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй алга болсон Боинг 777-200 онгоц чиглэлээ өөрчилсөний дараа цэргийн радарт илэрсэн тухай мэдэгдлээ. Гэхдээ тухайн үед Малайзын цэргийнхэн радарын дэлгэцэндээ илэрсэн онгоцыг мөрдөн шалгаагүй байна. Куала Лампур хотоос Бээжинг чиглэсэн онгоц хөөрөөд 40 гаруй минутын дараа радарын дэлгэцэнд харагдахаа больж, ор сураггүй алга болсоноос хойш өнөөг хүртэл ямар ч ул мөр олоогүй байна. Өмнө нь онгоц сураггүй алга болсоноос хойш дахин радарт илрээгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл МН370 дугаар нислэгээр гарсан Боинг онгоц чиглэлээ өөрчилж явахдаа радио долгионы төхөөрөмжид дахин харагдахад албаныхан яагаад шуурхай арга хэмжээ аваагүй вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Одоо онгоцыг Энэтхэгийн далайд үргэлжүүлэн хайж байгаа билээ. “Bluefin 21” хэмээх шумбагч төхөөрөмж далайн нийт талбайн 95 хувьд нь хайгуул хийгээд дууссан гэдэг мэдээллийг албаныхан өгчээ.