
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Филиппинд айлчлахдаа тус улсын Засгийн газартай цэргийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийг байгуулсанаар Хятадын Өмнөд тэнгистэй холбоотой газар нутгийн маргаан өрнүүлдэг Филиппиний эрх баригчид өөрийнхөө газар нутаг дээр Америкийн цэргүүдийг байршуулахыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. 10 жилийн хугацаатай гэрээний дагуу цэргийн бааз, боомт, нислэгийн талбайг Америкийн цэргүүд ашиглаж, хамтарч сургуулилт хийхээр болжээ. Гэвч АНУ-ын колони байсан Филиппинд цэргүүдээ байршуулах болсоныг тус улсын иргэд таагүй хүлээж авсан байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэгчид ерөнхийлөгч Бениньо Акиногийн ордны гадна жагсаал хийхээр болжээ. Филиппинд өмнө нь Америкийн цэргийн бааз байрлаж байсан ч 1990 онд хаасан гэдэг. Барак Обама Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Японд айлчлахдаа Хятадтай газар нутгийн маргаан өрнүүлдэг улсуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм. Филиппинд цэргээ байршуулах болсон нь Хятадын эрх баригчдад таалагдсангүй.